АНХ УДАА ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН ЧУУЛГАН БОЛЛОО.

2023-10-10    |   120

Шүүхийн захиргааны ажилтны “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн сахилгын хороо, бүх шатны шүүхийн тамгын газрын нийт 800 албан хаагч чуулж, салбарын хөгжлийн бодлогоо хэлэлцэв. Мөн Улаанбаатар хотод хүрэлцэн ирж амжаагүй албан хаагчдыг мэдээллээр хангах хүрээнд шууд дамжуулан хүргэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын шүүхийн захиргааны албан хаагчид түүхэндээ анх удаа хөгжлийнхөө ололтыг бататган дүгнэж, өмнөө тавьсан зорилтоо тууштай хэрэгжүүлэх шийдэл, гарцыг нэгтгэхээр хуран чуулж байна. Энэ түүхэн цаг мөчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ой тохиож байгаа. Аливаа түүхэн ой тэмдэглэлт баяр байхаас гадна өнгөрсөн цаг хугацаан дахь болон өнөөгийн алдаа, оноогоо дүгнэн цэгцлэх, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, баримтлах бодлого, зорилгоо тодорхойлох гурван цагийг холбосон түүхэн өртөө юм” гэж байв.

Үргэлжлүүлэн 140 гаруй албан хаагчийг төрийн одон, медаль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрэмжит шагнал, Монгол Улсын дээд шүүхийн нэрэмжит шагналаар тус тус шагнав. Мөн шүүхийн түүхэн зургийн цомгийг үзэж сонирхох боломжийг бүрдүүлсэн юм.

. . .