ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулиудыг батлан гаргаж, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр манай улсад анх удаа дагнасан шүүх байгуулагдаж, Монгол Улсын эрх зүйн хөгжил, шүүхийн тогтолцоонд шинэ хуудас нээсэн, чухал үйл явдал болсон билээ.
Энэхүү шүүх нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор шүүхийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх, хүний эрх нийтийн эрх зүйн хүрээнд зөрчигдөхөөс хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээн тогтоох зорилготой шүүх юм.
Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийн дагуу Хэнтий аймагт Захиргааны хэргийн шүүх байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлэхэд, тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Шүүхийн тухай хуульд заасны дагуу Хэнтий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Н.Лхагвадорж хавсран ажиллаж, анхных нь шүүгчээр Д.Чанцалням, Ц.Эрдэнэчулуун нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 98 дугаар зарлигаар томилогдон ажиллаж байсан.
Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэлийн хүрээнд Улсын Их хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Шүүх байгуулах тухай хууль баталж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсний дагуу Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн нэрийг “Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүх” болгон өөрчилсөн бөгөөд энэ нь Шүүх байгуулах тухай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар дахин өөрчлөгдөж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Г.Баясгалан, шүүгч Б.Баярмаа, шүүгчийн туслах Э.Лхагватөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар ажиллаж байна.