ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль, шүүх эрх мэдлийн шинэ тогтолцооны үзэл санааны дагуу Монгол Улсын Их Хурлаас баталсан 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Шүүх байгуулах тухай хууль”-иар “Хэнтий аймгийн давж заалдах” шатны шүүх хэмээн нэрлэсэн билээ. Үүнээс өмнө нь аймгийн шүүхийн дарга, гишүүн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байв. Тус аймгийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ж.Энхчулуун, Б.Баатар, Н.Лхагвадорж, Ц.Оч нар ажиллаж байсан байна. Шүүгчээр Б.Сайханцэцэг, Л.Түдэв, А.Батбаяр, Д.Цэрэндолгор, Б.Сүхгомбо, Б.Дэнсмаа, О.Баатарсүх нар ажиллаж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дуламсүрэн, Х.Батжаргал, Ц.Мөнхтулга, Т.Ариунболд нар ажиллаж байжээ. Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүх нь Сум дундын 1, 2 дугаар шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэний, захиргааны зөрчлийн хэргүүдийг давж заалдсан гомдол, эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэж, жилдээ дунджаар 120 гаруй хэргийг шийдвэрлэж иржээ.
Тус шүүх нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигаар Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх нэртэйгээр байгуулагдан Дорнод аймагт төвлөрөн, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн нэртэйгээр ажиллаж байгаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаарх зарлигаар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх одоо Чингис хотноо байршиж үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.
Тус шүүхэд Ерөнхий шүүгчээр Д.Ганзориг , шүүгчээр О.Баатарсүх, шүүгчийн туслах Ж.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.