Search

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ХЭНТИЙ АЙМАГТ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд оролцсон хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг шүүхийн Тамгын газраас санаачлан 2025 оны 1 дүгээр сарын 30 – ны өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд шүүх, прокурор, хууль сахиулах 8 байгууллагын удирдлага, албан хаагчид оролцлоо.

Уулзалт зөвлөгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудал болон ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллахад анхаарч,  байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар харилцан санал солилцлоо.

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхээс эрүү, иргэн, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээлэл хийж, шүүх хуралдаан хойшилж байгаа шалтгаан, хариуцагчийг эрэн сурвалжлах болон шүүгдэгч, гэрч, хохирогчийг албадан ирүүлэх ажиллагааг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж ажиллах, зөрчлийн хэрэг дээр ажиллаж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын хууль хэрэглээний чадавхийг сайжруулахад анхаарах шаардлагатай байгааг онцлов.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлуудыг танилцуулж, хариуцагч байгууллагууд итгэмжлэл, нотлох баримтыг шаардлага хангахгүй ирүүлэх, хариуцагч шүүхэд хариу тайлбараа тогтоосон хугацаанд ирүүлэхгүй байх, урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлэхгүй байх зэрэг нийтлэг асуудлууд байгаа талаар мэдээлэв.

Мөн хуульчдын мэргэжлийн ёс зүй, шүүх хуралдаанд хүндэтгэлтэй хандах, прокурор, өмгөөлөгч, шүүхийн ажилтнууд, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын харилцаа, ажлын байран дээрх биеэ авч явах хэм хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.

Уулзалт, зөвлөгөөнд оролцогчид санал солилцож, цаашид мэдээлэл солилцох шуурхай байдлыг хангах, “Цахим шүүх 2.0” системийг үр дүнтэй нэвтрүүлэх, мөн иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.