Байгууллагын батлагдсан удирдамжийн дагуу шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, иргэдэд хууль зүйн мэдээлэл хүргэх зорилгоор 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров, Норовлин, Дадал, Баян-Адарга, Биндэр, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт сумуудад хоёр ажлын хэсэг нүүдэллэн ажиллалаа.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх мэдээлэл олгох ажлын хүрээнд: Тус сумдын нийт 200-гаруй төрийн албан хаагч, иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ?”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын ач холбогдол, иргэний эрх, үүргийн талаар сургалт, мэдээлэл хийлээ. Сургалтын үеэр 180 орчим гарын авлага, танилцуулга материалыг тарааж ажилласан.
Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг сурталчлах хүрээнд:
Шүүхээс гадуур маргааныг хэрхэн шуурхай, зардал багатай, эв зүйгээр шийдвэрлэх боломжтой талаарх болон Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль журмын онцлогийг иргэдэд дэлгэрэнгүй сурталчлан таниулав. Энэ үеэр 150 гаруй иргэн уулзалтад хамрагдаж мэдээлэл авсан.
Багийн Засаг дарга нартай хийсэн уулзалт, арга зүйн дэмжлэг:
Дээрх 10 сумын нийт 36 багийн Засаг дарга нартай тусгайлсан уулзалт хийж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийг сонгон шалгаруулах үйл явцад анхаарах зүйлс болон орон нутагт эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дэмжих, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Томилолтоор ажиллах хугацаанд шүүхийн үйлчилгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон бусад эрх зүйн асуудлаар хандсан иргэний сонирхсон асуултад ажлын хэсгийн бүрэлдэхүүн хариулт өгч, хууль зүйн анхан шатны мэдээлэл өгөхөөс гадна эвлэрүүлэн зуучлалд өргөдөл хүлээн авч газар дээр нь шийдвэрлэж ажиллав.





