АЖИЛТАН ГУРАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨ АВАХ ЭРХТЭЙ

2023-11-21    |   199

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШШ2023/0022,

Шүүхийн шийдвэрийн тойм: № 06, 2023.11.17,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон,

ХАСУГД нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б/19 тоот тушаал гаргаж, мэргэжилтэн Б.М-ийг ажлаас чөлөөлсөн ба Б.М нь уг шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгч “хүүхэд асрах чөлөө хүсэж өргөдөл гаргасан байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж, хариуцагч нь “Б.М-ыг соёл гэгээрэл, бүх нийтийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байсан, ажиллаж байх хугацаандаа олон удаа чөлөө авдаг, ажил тасалдаг байсан, туршилтын хугацаанд ажилдаа хариуцлагагүй хандаж, идэвх санаачилгагүй байсан” гэж тус тус маргасан.

             Маргаан бүхий захиргааны актад, “Б.М-ийг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх”-өөр заажээ. Гэвч нэхэмжлэгч Б.М ажлаас чөлөөлөгдөх хүсэлт  гаргасан тухай баримт байхгүй, харин хүүхэд асрах чөлөө авах тухай хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Б.М-ийн охин нь 2022 оны 08 дугаар сард 1 нас 4 сартай байсан тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд асрах чөлөө хүсэх эрхтэй ба ажил олгогч уг чөлөөг олгох ёстой.

Гэтэл хариуцагч ХАСУГД нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Ийнхүү хариуцагчийн гаргасан тушаал хууль бус тул шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны олговор 5’460298 /таван сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуун ерэн найман/ төгрөгийг хариуцагч ХАСУГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”,

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа

. . .