ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ОЙД МОД БЭЛТГЭЖ, ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ.

2023-11-22    |   100

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.23-ны өдрийн №184 дугаартай шийдвэр

 

Шүүхийн шийдвэрийн тойм №2 , 2023.10.18

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн “И” нь зөвшөөрөлгүйгээр, ойд босоо шинэс төрлийн модыг цахилгаан хөрөө ашиглаж, хууль бусаар бэлтгэж, улмаар тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэн, ойн экологи эдийн засагт хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 Хэнтий аймгийн Прокурорын газраас иргэн И-г дээрх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ойгоос мод бэлтгэхдээ зохих байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэж болох бөгөөд шүүгдэгч “И” нь зохих байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр ойд мод бэлтгэж, тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.

Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг  450,000 - 5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр хуульд заасан,

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч “И”-д торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, эд мөрийн баримтаар хураасан цахилгаан моторт хөрөөг зэргийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.shuukh.mn/single_case/93470?daterange=2023-01-01%20-%202023-10-18&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр

 

           

 

 

. . .