ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

2020-12-31    |   115

 

Нэг: Удирдлага зохион байгуулалтын ажлын талаар:

Хэнтий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Б.Марина, шүүгч Х.Тасхын нарын 2 шүүгчийн орон тоотойгоор ажилласан бөгөөд шүүгчдийн зөвлөгөөнийг 118 удаа хуралдуулж, хэрэг хуваарилах журамд өөрчлөлт оруулах, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгах, шүүгчид чөлөө олгох, дотоод зохион байгуулалтын талаарх асуудлуудыг тус тус шийдвэрлэсэн бөгөөд ерөнхий шүүгчийн захирамж 732, шүүгчийн захирамж 2828, шүүхийн тогтоол 19, шийдвэр 918, гүйцэтгэх хуудас 403, албан бичиг 81 зэрэг эрхийн актууд боловсруулагдаж зохих оролцогчдод хүргэгджээ.

 

Хоёр: Шүүн таслах ажиллагааны талаар:

Өмнөх оны 97 хэргийн үлдэгдэл дээр 1063 нэхэмжлэлийг хүлээн авч, нийт 1160 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 2019 онд шийдвэрлэсэн хэргээс 13 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2019 оны байдлаар:

  • Шийдвэрлэсэн 747 хэрэг,
  • Хэргийг хэрэгсэхгүй болгосон 57 хэрэг,
  • Хүлээн авахаас татгалзсан 88 нэхэмжлэл, ,
  • Буцаасан 13 хэрэг,
  • Шилжүүлсэн 8 хэрэг,
  • Тайлангийн эцсийн үлдэгдэл 97 хэрэг,

2020 оны байдлаар:

  • Шийдвэрлэсэн 918 хэрэг,
  • Хэргийг хэрэгсэхгүй болгосон 40 хэрэг,
  • Хүлээн авахаас татгалзсан 68 нэхэмжлэл, ,
  • Буцаасан 10 хэрэг,
  • Шилжүүлсэн 4 хэрэг,
  • Тайлангийн эцсийн үлдэгдэл 120 хэргийн үлдэгдэлтэй ажилласан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хариуцагчийг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийн биелэлтийн судалгааг 2017.01.01-ний өдрөөс 2020.10.08-ны өдрийг хүртэлх хугацаагаар гарган дүн шинжилгээ хийсэн бөгөөд судалгаа гаргасан өдрийн байдлаар тус шүүхээс 81 удаагийн албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарган, Цагдаагийн газарт хүргүүлсэн ба захирамж хугацаандаа биелэгдсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрийг Иргэний хэргийн “Иргэн-2014” системд бүртгэж, түүнд хяналт тавин ажилласан бөгөөд сар бүр ажлын гүйцэтгэлийн тайланг гарган биелэлтийг ханган ажилласан.

Тус шүүхээс Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нийт 25 хэрэг хянагдсанаас:

  • Анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн 8 хэрэг,
  • Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсон 9 хэрэг,
  • Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон 8 хэрэг шийдвэрлэгдсэн байна.                                                                      

Гурав: Бусад ажлын талаар:

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилчид Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт тус тус шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулаагүй боловч дээд шатны байгууллагаас хуулийн хүрээнд зохион байгуулагдсан сургалт, арга хэмжээнд тухай бүр оролцсон болно.  

- 2020 оны 02 дугаар сарын 02-ний өдөр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар хуралдаж Шүүхийн тухай хуулийн төсөлд оруулах саналын талаар хэлэлцэж, шүүгч нарын саналыг нэгтгэн Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж ажиллалаа.

- Хэнтий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”, “Яллагдагчийг хуяглан хүргэн, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем болон “Иргэн-2014” нэгдсэн системийн шинэчлэлт, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан www.legalinfo.mn болон Монгол улсын Шүүхийн цахим сан www.shuukh.mn цахим хуудасны шинэчлэлтэд тус тус санал өгч ажиллажээ.  

- Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай Ерөнхийлөгчийн зарлигаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шилжин томилогдсон байна.

Мөн тус шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Л.Цэрэндулам нь өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрч Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаартай зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд тус шүүх, Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газартай хамтран хүндэтгэлийн зөвлөгөөнийг зохион байгуулж, шүүгч Л.Цэрэндуламд хүндэтгэл үзүүллээ. 

- Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан шүүхийн байранд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй байгаа тул “Үндсэн хууль ба хүний эрх”, “Орон нутгийн бүсчилсэн” сургалтын сэдвүүдийг шүүгч нарын компьютерт файлаар суулгаж судлуулж сургалтад хамруулсан бөгөөд шүүгч тус бүрээр “үнэлгээний хуудас” бөглүүлж сургалтын үр дүнг дүгнэж, сургалтад хамрагдсан шүүгч нарын ирц болон үнэлгээний хуудсыг хүргүүлж ажиллалаа.

- 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан Иргэний эрх зүй-2020 буюу “Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх ба иргэний хуулийн хэрэглээ” зүүн бүсийн сургалтад Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хамрагдсан байна.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Хэнтий аймгийн шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын дунд “Заалны нээлтийн ажиллагаа”-г гар бөмбөг, дартс, олс таталт гэсэн спортын төрлүүдээр өрсөлдөж, тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах үйл ажиллагааны хүрээнд явагдсан дээрх ажлуудыг амжилттай зохион байгуулахад тус Шүүхийн тамгын газраас тал бүрээр дэмжиж, хамтран ажиллаж байсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

. . .