Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу талууд:
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхийн ажиллагаатай харьцуулахад нэлээд хялбар, олон давуу талтай.
- Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 60 хоногийн хугацаатай байдаг бол Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд 30 хоног, талуудын хүсэлтээр нэг удаа сунгаж болно.
- Нууцыг чандлан хадгална.
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хаалттай явагдана, эсхүл талуудын тохиролцсон бусад газар явуулж болно.
- Маргааны шийдлийг эвийн байдлаар талуудын хоорондын харилцан ярилцсанаар шийдэх боломжтой. Ямар нэгэн нотлох баримт шаарддаггүй. Нэг ёсондоо талууд маргаанаа өөрсдөө хуулийн хүрээнд харилцан ярилцаж эвийн журмаар шийдвэрлэж байна гэсэн үг юм.
- Зардал хэмнэнэ. Улсын тэмдэгтийн хураамж харьцангуй бага төлнө. 1060000 төгрөг хүртэл нэхэмжилж байгаа үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж төлдөг бол, 1060000 төгрөгөөс дээш хэдэн ч төгрөг нэхэмжилсэн 30000 төгрөг төлдөг учраас зардлыг хэмнэдэг юм.
- Шүүхийн шийдвэртэй адил хүчин төгөлдөр болгох боломжтой. Талууд эвлэрүүлэн зуучлахад хандсанаар эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийн гэрээг шүүгч баталгаажуулснаар үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй болдог.
Онцлог тал гэвэл гэр бүлийн маргаан дээр мэргэжлийн гэр бүл судлаач, сэтгэл зүйч, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах боломжтой байдаг.
Өргөдөл хүлээн авсан эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны аль ч үед дараах үндэслэлээр эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулахаас татгалзах эрхтэй. Үүнд:
- Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр бол,
- Харъяалал зөрчсөн бол,
- Өргөдөл гаргагч, эсхүл уригдах тал нь эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон бол,
- Өргөдөл гаргагч, эсхүл уригдах тал нь эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон бол,
- Өргөдөл гаргагчийн тодорхойлсон уригдах тал нь дурдсан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон бол татгалзана.
Дээрх үндэслэлээр өргөдлийг буцаасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагчид буцаан олгоно.