Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?

 Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу вэ?

   Зуучлал: /mediatio-медиаци зуучлал гэсэн латин гаралтай үг/ нь бие даасан зуучлагчаас маргалдагч талуудын хооронд шууд хэлэлцээр хийлгэх замаар тэдний асуудлыг шийдвэрлэж байгаа үйл явц юм. Өөрөөр хэлвэл талуудын хүсэл зоргийн үндсэн дээр асуудлыг ойлгож томъёолох, дараа нь маргалдагч талууд хүлээж авахуйц шийвдэрийг хайж шийдэлд хүрэх арга зам юм.

   Үүнээс үзэхэд: Зуучлалын гол онцлог нь болсон үйл явдлыг тайлбарлахад биш маргалдагч талуудын санал бодлын мөн чанарыг үндэслэн тэдний шаардлага, бодит байдлыг тодорхойлж, талуудын ашиг сонирхол огтлолцох боломжит гаргалгаа хийж хуульд нийцсэн гэрээ хийхэд нь тусалж буй үйл явц  гэж болох юм. Уулзалтын албан ёсны хэлцлийн үр дүнд хэлцэл хийгч талуудын дунд хууль зүйн дагавар бүхий гэрээ байгуулагддаг.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар дараах маргааныг шийдвэрлэнэ.

  1. Иргэний эрх зүйн маргаан

  2. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан

  3. Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр хуульчилсан байгаа.

  • Иргэний эрх зүйн маргаан гэдэгт иргэд хоорондын зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, худалдах худалдан авах гэрээнээс үүссэн маргаан, хөршийн маргаан гэх мэт маргаанууд орно.

  • Хөдөлмөрийн гарцаарчилсан маргаан гэдэг нь ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн гэрээнээс үүссэн маргааныг хэлж байгаа юм. Үүнд: цалин хөлсний маргаан, ажлаас үндэслэлгүй халагдах гэх мэт.

  • Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг заавал хэрэглэнэ. Харин гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтанд байдаг бол, мөн гэр бүлийн зөрчил нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхгүйгээр шүүх шийдвэрлэнэ. Шууд шүүхэд хандах боломжтой юм. 

Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хувьд тухайн иргэн эвлэрүүлэн зуучлагчид хандах уу эсхүл шүүхэд хандах уу гэдгээ өөрөө сонгох эрхтэй байдаг.